Vajrapani_Art

Vajrapani_Art MONGOLIAN THANKA ART | DRIKUNG KAGYU | ШҮТЭЭН УРЛАЛ | VAJRAPANI

09/01/2026

Бурмын амтыг тайлбарласнаар амтлахгүй, амталж л мэдмү.

Хоосон чанарын амтыг тайлбарласнаар амтлахгүй бясалгаж л мэдмү.

“Just as the sweet taste of molasses

Cannot be known through descriptions, but only by tasting it;

So too, the ultimate meaning of emptiness

Cannot be realized through words, but only through the practice of meditation.”

“Гол мөрөн уудам хөндийгөөр урсах үед усны урсгалын хүч сул байдаг. Харин хөндий нарийсан хумигдах тусам урсгал нь улам ...
08/31/2026

“Гол мөрөн уудам хөндийгөөр урсах үед усны урсгалын хүч сул байдаг. Харин хөндий нарийсан хумигдах тусам урсгал нь улам хүчтэй болдог.

Үүний нэгэн адил, сэтгэл олон зүйлд сарнин бутарсан үед түүний хүч чадал өчүүхэн байдаг. Харин сэтгэл төвлөрөх үед хүч нь үлэмж нэмэгдэнэ. Төвлөрөл хэдий чинээ гүн бат байна, сэтгэлийн хүч төдий чинээ их болж, түүгээр үйлдэх аливаа бясалгал, бүтээлийн үр нөлөө ч төдий чинээ хүчтэй болдог.”

Зурагт сэтгэлийн тэнүүчлэл, будангуйралаас бүрэн ангижирсан, маш гүн төвлөрөл бүхий шамата буюу амарлин ахуйн бясалгалыг хэрхэн төгөлдөржүүлэх үе шатыг дүрслэн үзүүлжээ.

“Сэтгэл нь морь унаж яваа хүнтэй, харин дотоод хий нь унаж яваа морьтой адил. Унаач хүн жолоогоо тайван, тогтвортой бари...
08/29/2026

“Сэтгэл нь морь унаж яваа хүнтэй, харин дотоод хий нь унаж яваа морьтой адил. Унаач хүн жолоогоо тайван, тогтвортой барихад морь нь аяндаа номхорч тайвширдагтай адил сэтгэл тогтуун болоход дотоод хий ч мөн аяндаа тогтворждог.

Бясалгал нь сэтгэлээ хүчээр барьж, ямар нэгэн зүйл болгох гэж оролдох бус, харин сэтгэлээ байгаагаар нь тайван ажиглаж, уужуу амгалан оршиход суралцах явдал юм. Сэтгэл аажмаар амарлин тогтохын хэрээр дотоод хий ч намжин тогтворжиж, бидний олон жилийн дадал зуршил, сэтгэлийн тогтворгүй байдал аажмаар өөрчлөгдөн хувирч эхэлдэг.”

Үндсэн Самаяа тангараг бол Хайр энэрэл билээ. ❤️Очирт хөлгөний бясалгал, бүтээлийн үндэс нь Самаяа тангараг юм. Олон жил...
08/14/2026

Үндсэн Самаяа тангараг бол Хайр энэрэл билээ. ❤️

Очирт хөлгөний бясалгал, бүтээлийн үндэс нь Самаяа тангараг юм. Олон жил миний дэргэд ном үзэж буй шавь нар үүнийг сайн мэдэх боловч шинээр шавь орсон хүмүүс ч байж болох тул тайлбарлая.

Самаяа тангарагийн үндэс, өөрөөр хэлбэл самаяагийн жинхэнэ мөн чанар нь хайр энэрэл юм. Тэрхүү хайр бол биднийг олон төрөл дамжин хооронд нь холбож байдаг нандин барилдлага билээ. Энэ нь шавь шавийн хооронд, багш шавийн хооронд болон бусад номын нөхдийн хооронд орших холбоо юм.

Хэрэв бид энэхүү холбоог таслалгүй, тангараг дамцаг болсон хайр энэрлийн барилдлагаа эвдэлгүй хадгалж чадвал ирээдүйн төрөл төрлүүддээ дахин учран золгож, бие биедээ тусалж, ач тусаа хүргэсээр байх болно. Харин бид хоорондын самаяа буюу хайр энэрлийн холбоогоо тасалбал ирээдүйд бие биедээ хор хүргэхийн шалтгаан болж мэднэ.

Тиймээс шавь шавийн хоорондын, мөн шавь багшийн хоорондын тангараг дамцаг нь нэн эрхэм бөгөөд маш чухал юм. Энэхүү тангараг дамцгийг сахин хамгаалж, ямар нэгэн байдлаар таслахыг үл зөвшөөрөх нь зайлшгүй хэрэгтэй. Учир нь бид өнгөрсөн олон төрөл тутамдаа энэхүү самаяа тангарагаа сайтар хадгалж ирсээр хүний төрөл аван, номтой учирсан билээ.

Тийм учраас энэ төрөлдөө Нууц тарнийн номыг хамтдаа бясалган бүтээх хувь ерөөлөөр учирсан бид ирээдүйд ч дахин дахин бие биедээ тус хүргэхийн тулд самаяа тангарагаа сайтар сахих нь чухал. Ялангуяа бие биедээ уур хилэн, атаа жөтөө төрүүлэхгүй байх хэрэгтэй.

Дандарын олон сударт айлдсанчлан, хэрэв бид самаяа тангарагаа сайтар сахин хамгаалж чадвал долоон төрлийн дотор дээдийн сиддхи буюу дээд шид бүтээлийг олно хэмээн номлосон байдаг.

— Дээрхийн Гэгээнтэн Гарчэн Ринбүчи

Угийн бурхан төлөвтөө орохын тулд бид бясалгаж буй. Жинхэнэ бясалгал бол бясалгалгүй бясалгал. Өөрөөр хэлбэл, танаас яма...
08/14/2026

Угийн бурхан төлөвтөө орохын тулд бид бясалгаж буй. Жинхэнэ бясалгал бол бясалгалгүй бясалгал. Өөрөөр хэлбэл, танаас ямар ч хүчлэл гарахгүй. Гагцхүү элдэв ташаа бодолдоо үнэмшин зууралдан барих хэрэггүй. Та өөрөө л зууралдахгүй бол тэдгээр бодол - нисванис ямар ч хор хөнөөл тарьж чадахгүй замхарна. Ажиглан тольдвоос өмнөх бодол замхраад удаах бодол төрж амжаагүй тэр завсрын агшинд таны сэтгэл үүлгүй тэнгэр шиг цэлмэг хоосон байна. Энэ бол сэтгэлийн байгаль буюу угийн төлөв юм. Огторгуй мэт хоосныг барьж тэмтэрч болохгүй ч өөрөө сэрж мэдэж буй үүнийг л Махамутар гэдэг.

Гарчин ринбүчи багш

Ютог Нинтигийн үндсэн авшиг.Тарнийн ёс хийгээд анагаах ухаан хосолсон сонорын дамжлага, Догтор мөн Тарнийн их багш Нида ...
08/12/2026

Ютог Нинтигийн үндсэн авшиг.

Тарнийн ёс хийгээд анагаах ухаан хосолсон сонорын дамжлага, Догтор мөн Тарнийн их багш Нида Чэнацан багшаас хүртлээ.

Ютог Нинтиг буюу “Ютогийн Зүрхний Охь” хэмээх нь XII зууны Төвдийн аугаа их эмч, бясалгалын их бүтээлч бөгөөд Оточын хаан Манал бурханы хувилгаан хэмээн үздэг Ютог Ёндон Гонпо хэмээх дээдсээс уламжлагдан ирсэн Төвд хийгээд Монголын Бурханы шашны өвөрмөц бөгөөд цогц дадлага, мөн анагаах ухааны сургалтын бүрэн тогтолцоо юм.

Энэ нь Анутараёогатантра буюу Дээдийн Дээд Тарнийн ёсны бүрэн бүтэн сургалтын тогтолцоо бөгөөд Нгондро буюу өмнөх бэлтгэл-ээс эхлэн, Жэгрим ба Зогрим буюу Үүсгэл болон Төгсгөлийн зэргэм-ээр дамжин, эцэст нь Махамудра (Их Мутарлага) болон Зогчен (Их Төгсгөл) зэрэг хамгийн дээд бясалгалын үе шат руу хөтөлдөг увдис ихт ном билээ.

Энэхүү уламжлалд өнөөгийн завгүй амьдралтай, Номыг дадуулагч хэн бүхэнд нэн тохиромжтой, товч атлаа увдис ихт, анагаах ухаан болон тарнийн ёсыг хослуулсан олон арга багтдаг. Эдгээр нь өөрийн болон бусдын эрүүл мэндийг сайжруулах, нас уртасгах зэрэг энэ насны ач тусыг өгөхийн зэрэгцээ, эцсийн зорилго болох оюун санааны бүрэн чөлөөлөлтөд хүргэх замыг ч агуулдаг.

Ютог Нинтиг нь Сова Ригпа буюу Төвдийн уламжлалт анагаах ухаантай холбоотой ном, бясалгалын гол уламжлал юм. Түүнд эмч нарын илт мэдэл, оношлох чадвар, эмчлэх чадамжийг хөгжүүлэн нэмэгдүүлэх олон өвөрмөц арга багтдаг.

Мөн энэхүү номын уламжлалд Оточ Манал бурханыг гол ядам бурхан болгон бясалган дадуулдаг бөгөөд Нууц тарнийн ёс, тэр дундаа Манал бурханы номын аймаг доторх цорын ганц бүрэн бүтэн уламжлал хэмээн өвлөгдөн иржээ.

Нарны Охин тэнгэр Маричи (Санскрит)Өөр нэр: Одсэр Жанма (Төвд: འོད་ཟེར་ཅན་མ་)Одсэржанма бурхан нь Нарны охин тэнгэр хэмэ...
08/11/2026

Нарны Охин тэнгэр

Маричи (Санскрит)

Өөр нэр: Одсэр Жанма (Төвд: འོད་ཟེར་ཅན་མ་)

Одсэржанма бурхан нь Нарны охин тэнгэр хэмээн алдаршсан бөгөөд олон янзын дүр байдлаар оршдог. Түүний нэгэн дүрд цагаан морь хөлөглөн тэнгэр огторгуйгаар давхиж, баруун мутартаа барьсан нарны гэрлээр шөнийн харанхуйг сарниулан арилгадаг.

Түүний гол дүр нь ихэвчлэн шар өнгийн лагшинтай, гурван нүүр, найман мутартай бөгөөд долоон гахай хөллөсөн тэргэн дээр залран буйгаар дүрслэгддэг. Одсэржанма бурханд бидний сайн сайхан амьдрал хийгээд гадаад, дотоод, нууцын номд харшлах барцад саад бүрийг арилгахын тулд тахил өргөж, залбирал даатгал үйлддэг. Түүнийг догшин болон амирлангуй дүрийн аль алинаар нь дүрслэн бүтээдэг байна.

Гэрэл бол билиг билгүүний бэлгэдэл юм. Махамудрын үүднээс авч үзвэл харанхуй нь сэтгэлийн жинхэнэ мөн чанар бус, харин түүнийг танин мэдээгүй мунхагийн түр зуурын бүрхээс юм. Үүл ариллаа гээд огторгуй шинээр бий болдоггүй, үүр цайлаа гээд нар шинээр төрдөггүйтэй адил билиг билгүүн нь гаднаас шинээр бий болдог зүйл бус, сэтгэлийн уг чанарт угаас орших гэгээн чанар билээ.

Иймээс Одсэржанма бурханы мандах нар мэт гэрэл нь зөвхөн гаднах харанхуйг арилгахыг бус, өөрийн сэтгэлийн мөн чанарыг үл таних мунхгийн харанхуй сарниж, төрөлх гэгээн билиг билгүүн өөрөө тодрохыг бэлгэднэ. Харанхуй арилмагц гэрлийг хаа нэгтээгээс авчрах шаардлагагүй. Үүнтэй адил бодол, нисванис, төөрөгдлийн мөн чанарыг танихад тэдгээр нь билиг билгүүнээс тусдаа дайсан бус, харин өөрийн мөн чанартаа сулран чөлөөлөгдөнө.

Тиймээс үүрийн анхны туяа харанхуйг сарниулах нь Махамудрын замд мунхгийн бүрхээс сарниж, сэтгэлийн хоосон атлаа гэгээн, танин мэдэгч төрөлх чанар илрэхийн нэн зохист бэлгэдэл юм.

Одсэржанма бурхан нь Япон, Хятад, Солонгос, Төвд, Балба, Шри Ланка, Вьетнам зэрэг Азийн олон оронд өргөн дэлгэрсэн шүтээн юм. Японд түүнийг мөн Бари Каннон (摩利観音), Хятадад Моли Тян буюу Боли Тян, Солонгост Булмүжонвон-босаль хэмээн нэрлэдэг.

Шингон уламжлал дахь Одсэржанма бурханы онцгой байр суурь

Японы Буддын шашны Шингон урсгалд Одсэржанма бурхан нь онцгой байр суурь эзэлдэг. Шингон урсгал нь Хэйаны үед (794–1185) үүсэж хөгжсөн бөгөөд үүнд Күкай багшийн үйл хэрэг ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэрээр Хятадад зорчин суралцаж, тэндээс олон номын дамжлага, шашны эд өлгийн зүйлсийг Японд авчирсан байна.

Шингон уламжлалд Маричийг тус урсгалын гол шүтээн болох Дайничи Нёрай бурханы нэгэн илрэл хэмээн үздэг. Энэ уламжлалд Одсэржанма бурхан нь амьтдыг өвчин, өтөл нас, үхлийн зовлонгоос гэтэлгэн аврагч хэмээн шүтэгддэг.

Мөн түүний тарнийг уншин урьснаар Одсэржанма бурханы ариун оронд төрөхийн шалтгаан нөхцөл бүрдэнэ хэмээн Шингон уламжлалд үздэг.

Одсэржанма бурханы тухай олон домог, түүх байдаг билээ.

Хятад, Японд Одсэржанма бурхан нь тухай олон алдартай домог, хууч яриа уламжлагдан иржээ. Нэгэн домогт тэрээр усанд живж байсан хүүхдийн амийг аварсан тухай өгүүлдэг бол өөр нэгэн домогт ядуухан хүнд үнэт эрдэнэ олоход нь тусалсан тухай өгүүлдэг.

Азийн зарим нутагт Одсэржанма бурхан нь мөн ургацын охин тэнгэр хэмээн шүтдэг. Энэ дүрээрээ тариачдад өлзий хутаг авчирч, арвин их ургац хураахад ивээн тэтгэдэг хэмээн үздэг.

Мөн зарим газар Одсэржанма бурхан нь хайр, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр хэмээн шүтэж, түүнийг тахин шүтэгчдэд үзэсгэлэн төгөлдөр байдал, бусдыг татах увдис хайрладаг хэмээн үздэг.

Азийн зарим уламжлалд Одсэржанма бурхан нь мөн энэрэл нигүүлслийн охин тэнгэр хэмээн нэрлэж, амьтдыг зовлон зүдгүүр, гай барцдаас авран хамгаалах хүчтэй хэмээн шүтдэг.

Маричийн сүм, дүрслэл

Азийн олон оронд Одсэржанма бурханд зориулсан сүм, шүтээний газар бий. Тэдгээрээс Японы Киото дахь Маричийн шүтээн, Нара дахь Дайжү-жи сүм, Бразил дахь Зү Лай сүм, Тайланд дахь Ват Пра Дхаммакая зэрэг газрыг нэрлэж болно.

Одсэржанма нь Буддын шашны дүрслэх урлагт ч өргөн дүрслэгддэг. Түүнийг гахай буюу мэгж хөлөглөсөн, эсвэл долоон морь, долоон гахай хөллөсөн гал бадарсан тэргэн дээр залран буйгаар дүрслэх нь бий. Мөн олон мутартайгаар дүрслэхээс гадна зарим дүрд бадамлянхуа цэцгэн дээр залран буйгаар бүтээдэг

ЛХАМ ОДСЭРЖАНМА ТАРНИ

Алин бээр нэр барихын төдий дурдсанаар
Аймшиг бүхнээс машид авран үйлдэгч
Хир үгүй тунгалаг, их амгаланг хайрлан зохиогч
Охин тэнгэр, одсэржанма дор мөргөмүй.

УМ МАРЗЭ МАМ СУУХАА.

Үйлдсэн буян үүгээр түргэнээр бид
Одсэр жанма бурхныг бүтээх бөгөөд
Амьтан нэгийг ч хоцроол үгүйгээр
Бурхны оронд байгуулах болтугай

Дээдийн Найман Бэрх хэмээх ДуулалНаропа бас нэгэн дуулал айлдсан нь:Найман чөлөөгүйгээс бүрэн ангижирч,Найман чөлөө, арв...
08/10/2026

Дээдийн Найман Бэрх хэмээх Дуулал

Наропа бас нэгэн дуулал айлдсан нь:

Найман чөлөөгүйгээс бүрэн ангижирч,
Найман чөлөө, арван учрал бүрдсэн
Эрдэнэт хүмүүний биеийг олох нь бэрх.

Сансарын хамаг номоос сэтгэл уйсаж,
Нирваан тонилохуйг бүтээх нь бэрх.

Өвчин зовлон, гаслан шаналлыг гэтэлж,
Номын хэрэгт зохист биеийг олох нь бэрх.

Тарнийн ёс, зүрхэн увдисыг хослон эрхшээгч,
Энэрэл нигүүлсэл төгөлдөр Багшийг олох нь бэрх.

Аглагыг шүтэн нямба бүтээлд шамдагч,
Сүжиг бат, цуцалт үгүй шавийг олох нь бэрх.

Айдас эргэлзээг үлдээлгүй тэвчсэн,
Өлзий хутаг бүрдсэн дияаны газрыг олох нь бэрх.

Үзэл хийгээд явдал хоёрыг хослон барьж,
Санаа сэтгэл нийцэгч номын нөхрийг олох нь бэрх.

Энэ долоо хэдий бүрдэвч,
Нэгэн үзүүрт дияаныг бясалгах нь бэрх.

“Дээдийн Найман Бэрхийн Дуулал” хэмээх энэхүү дууллыг

Наропагийн эрдэнийн шүхрийн ишинд
Сийлэн үлдээсэн хэмээн уламжилдаг.

Хүрдэн орчуулагч хааны их цэрэг
Хамаг тивийг эрхэндээ оруулах лугаа адил,
Хамт төрсний амтыг нэгэнт олбоос
Сансарыг эрхшээн, их амгаланд хувиргана.

Алт хувилгагч рашааны шидээр
Төмөр алт болон хувирах лугаа адил,
Эрдэнэт авшгийн хүчээр
Нисванис хоёр үгүй билиг билгүүн болон хувирна.

“Чихэнд орсон усыг усаар хөөх арга шиг
Чивэлт ертөнцийн худлыг худлаар ерөндөглөсөн Таганава.
Цэцэгт хурсан балыг урнаар хүртэх зөгий шиг
Цэцэн багшийн увдисыг итгэлээр хүртсэн Их Шидтэн Наропа бээр ийн айлджээ.”

Өвчин эмгэгийн улмаас өдөр тутмын номын уншлага бясалгалаа бүрэн үйлдэхэд бэрх болох үед яах ёстой вэ? Бид хүндээр өвдөх...
08/10/2026

Өвчин эмгэгийн улмаас өдөр тутмын номын уншлага бясалгалаа бүрэн үйлдэхэд бэрх болох үед яах ёстой вэ?

Бид хүндээр өвдөх үедээ өдөр тутам үйлддэг тахил өргөл, залбирал, мөргөл болон дэлгэрэнгүй уншлага, ном бясалгалаа урьдын адил хийх боломжгүй болох нь жам ёсны хэрэг билээ. Тарнийн ёсны шавь нар бид үүнээс болж өөрийгөө хэт их шахах, гэмших хэрэггүй. Өдөр тутмын уншлага ном маань өөрсдийн бие эрүүл мэнд зэрэг нөхцөл байдалд зохицох учиртай.

Орондоо хэвтэж амарч байхдаа ч бид Гурван Эрдэнэд аврал одуулж, бодь сэтгэлийг үүсгэн, Багш болон Ядам бурхнаа дурдан санаж болно. Бодитоор тахил өргөхөд бэрх байвал сэтгэлдээ хэмжээлшгүй арвин тахилыг дүрслэн, чин сүсэг бишрэлээр өргөж болно.

Тарнийг мөн дотроо, сэтгэлээрээ уншиж болно. Цөөн хэдэн удаа уншсан ч болно. Бие сульдаж доройтсон үед өдөр тутмын тогтсон тоогоо заавал гүйцээх гэж өөрийгөө албадах шаардлагагүй. Харин нууц тарнийн ямар нэг тодорхой тангараг, амлалттай бол өөрийн уламжлал дамжлагын дагуу хураангуй уншлага эсвэл сэтгэлээр ном уншлага үйлдэх хэлбэрийг дагах хэрэгтэй бөгөөд шаардлагатай бол Багшаасаа заавар зөвлөгөө аваарай.

Хамгийн чухал нь өөрийн өвчин зовлонг номд хувирган буянаа хурааж болно. Ингэхдээ:

“Энэхүү миний эдэлж буй зовлонгоор тэргүүлэшгүй цагт хураасан муу үйлийн үр, нисванисын хир түйтгэр ариусах болтугай. Өвчин зовлон эдэлж буй хамаг амьтан түүнээсээ түргэнээ ангижрах болтугай.”

хэмээн бодож болно.

Ийнхүү чимээгүй хэвтэн амарч байхдаа ч Авралт Гурван Эрдэнийг дурдан санах нь хэмжээлшгүй буяныг хураах арга болж чадна.

Бие махбод сул дорой болсон үед чин сүсэг бишрэл, аврал одуулахуй, бодь сэтгэл байхад хангалттай. Амарч, биеэ эдгээх нь Номыг орхиж буй хэрэг биш. Харин цаашид Ном буянаа үргэлжлүүлэх хүч тэнхээгээ сэргээж буй хэрэг билээ.

Аяа “Бодь сэтгэл юутай эрхэм үнэтэй билээ”

Address

Chicago, IL

Telephone

+18722392103

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vajrapani_Art posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Vajrapani_Art:

Shortcuts

Share

Category