28/06/2026
Урлаг судлаач, жүжигчин Т.Ариунчимэг \МУСТА\
Ariunchimeg Tumursukh
“Орфей театр фильм” ХХК-ийн захирал,
продюсер,
“Хана” төслийн удирдагч-продюсер.
Т.Ариунчимэг нь 2016 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2018 онд “Жүжиглэх урлаг
хөтөлбөрийн харьцуулсан судалгаа”-г СУИС болон ХБНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын Урлагийн Сургуулийн жишээн дээр хийж, урлаг судлалын магистрын зэрэг
хамгаалсан байна.
Тэрээр 2006-2020 онд “PLAYTIME”, “XMF” болон БНХАУ-ын ӨМӨЗО-нд “Баян найр” концерт, ХБНГУ-ын “Urban Nomads” байгууллага СУИС -ийн хамтарсан төсөл зэрэг соёл урлагийн
томоохон арга хэмжээнүүдийн зохион байгуулалтын багт, үүнээс гадна найруулагч
П.Лхагвадуламын “Сэр сэр салхи”, “9-р сарын цас” кинонуудад кастингийн болон 2-р
найруулагчаар тус тус ажиллаж, арвин туршлага хуримтлуулжээ.
Түүний тоглосон тайз дэлгэцийн бүтээлүүдээс дурдвал зохиолч Г.Аюурзана, найруулагч
С.Бямба “Хэвтрийн хүн” уран сайхны кино, монгол герман оюутнуудын постдрамын судалгаа
туршилтын бүтээл болох Генрих фон Клейстийн “Михаэль Коолхаас”, найруулагч М.Батболдын “Опал”, Ф.М.Достоевскийн зохиол “Гэм зэм” жүжгүүдийг онцолж болно.
Т.Ариунчимэг 2021 онд найруулагч М.Батболдтой хамтран “Орфей” театрыг үүсгэн байгуулж, “Гэм зэм”, “Опал”, “Мэлхий гүнж”, “Фауст”, “Амьдрахуй “, “1984”, “Шөнө дундын бүжиг”, “Хориотой
жүжиг” зэрэг постдрамын бүтээлийн ерөнхий продюсер болон продюсерээр ажиллаж, монголд постдрамын театрыг хөгжүүлэх чухал зорилгыг шат шатаар ахиулах арга барилаар амжилттай зохион байгуулсаар байна. Үүний нэг тод жишээ нь уран бүтээлч Я.Билгүүнсарын бүтээл, “Орфей” театрын шинэ туршилт “Хана бодит уу?” перформанс юм.
“Театрын хил хязгаарыг давахуй”
…
…энэ бол театр судлаач, доктор, профессор Д.Батсайханы 2018 онд хэвлүүлсэн номын нэр
билээ.
“Хана” төслийг хамтран зохион байгуулсан театрын байгууллагын тухайд энэ
өгүүлбэрээр тэдний үйл хэргийг тодотгоход харшлах зүйлгүй болов уу. Учир нь уг контемпорари арт перформанс инсталляцийн эх бүтээл нь зохиолч Д.Урианхай, найруулагч
Я.Билгүүнсарын “Ханануудын амьдрал” (2025) монодрамын жүжиг бөгөөд “Хана” нэртэй болон
дахин мэндлэхдээ постдрамын театрын бүрэн цэвэр шинжийг илтгэн харуулсан, монголын
театр дахь өмнөх постдрамын туршилтуудаас илүү радикал, цоо шинэ туршилт болсон гэж
үзэж байна. Ийм төслийг хэрэгжүүлнэ гэдэг үнэндээ хүндхэн даваа… Тухайлбал тодорхой
танхим дахь үзвэр шиг тасалбар борлуулалтын орлого гэх ойлголт үгүйгээс гадна манай
өнөөгийн нөхцөлд шинэ тутам үзэгдэл тул, ялангуяа нийгэм эдийн засгийн байдал тогтворгүйбайгаа үед хөрөнгө оруулах ивээн тэтгэгч олдох магадлал тун хомс гэдэг нь мэдээжийн хэрэг байв. Гэтэл бүтээл үйлдвэрлэлийн зардал өндөр гарах нь уг инсталляцийг харахад л шууд мэдэгдэнэ. Хэдийгээр санаачлагчийн санаа зориг, эмзэглэл, эрмэлзэл хамгийн чухал боловч шинэ хэлбэрийн урлагийг бүтээн толилуулах, тайлбарлан таниулна гэдэг нь энэ төрлийн мэдлэг мэдрэмжтэй, дадлага туршлагатай мэргэжилтнүүдийн баг, хамтын оролцоог шаардана.
Я.Билгүүнсар ч туршлагатай уран бүтээлч тул багийн гишүүдээ энэ шалгуураар бүрдүүлж,
удирдан чиглүүлэх институциэрээ “Орфей” театрыг сонгосноор хэцүүхэн асуудлууд шийдэж
шийдвэрлэх эзэнтэй болж, “Хана бодит уу?” биеллээ олох нөхцөл бүрэлдсэн билээ. Эдийн засгийн ашиг сонирхлоор бус үзэл санааны үндсэн дээр дэмжиж нэгдсэн долоон уран бүтээлчийн хамтралыг продюсер Т.Ариунчимэг удирдан зохион байгуулж, Я.Билгүүнсар туршилтын обьектдоо субьектийн байраа эзлэн, багийн гишүүд тус тусын үүргээ ухамсарлан гүйцэтгэсний үр дүнд 7 хоногийн турш олны нүдэн дээр ил боловч орчин үеийн ертөнцөөс тусгаар оршихуйн утга учрыг хөндөж, олон хүний эгдүүцлийг төрүүлсэн ”ярвигтай” нэгэн бүтээл мэндлэн, 168 цаг үргэлжлэх урт удаан хугацаанд бодит амьдралыг театрт, театрыг бодит амьдралд авчирч толилуулав. Энэ хэрэгжилтийг “Орфей” театрын хувьд авч үзвэл онол практикийн улам
гүнзгийрэлт, постдрамын элементүүдийн хурц тэлэлт болжээ.
Одоо “Орфей”-н дараагийн сюрпризийг хүлээх л үлдлээ. Тэдний ээлжит шинэ уран бүтээлийг урьдчилан төсөөлөх аргагүйболов. Хэнтэй ч хамтарч, эсвэл эс хамтарч юу л хийхээр төлөвлөж байгаа бол доо?!
…Ямартай ч энэ театр “Хана”-аар түүчээлэн, театрын “хана”-ыг давлаа.
Театр судлаач,
“Хана” төслийн гүйцэтгэлийн шинжээч Т.Өөдөө.