15/04/2026
Аль хэдийнээ 3-н жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд яг юу болоод өнгөрснийг ч санахгүй байна. Гэхдээ тэр нэгэн хэсэг бараан өдрүүд, одоо хэнд ч хамаатай юм гээд хурц иртэй зүйл бариад суусан мөчүүдээ бол үргэлж санадаг аа. Тийм зүйлийг мэдрэх бүртээ өөрийгөө хүчээр тайвшруулаад, өөрийгөө хянах чадвар маань улам сайжирч байгааг анзааран, “сэтгэлзүйн эмгэг, донтолт, зуршлууд эдгэрнэ гэж хэзээ ч байхгүй, харин хянаж сурна л гэж байдаг” гэдэг юутай үнэн үг вэ гэдгийг ойлгосоор л байна.
Эргээд харахад миний туулсан зүйлс насанд минь ахадсан зүйлс байжээ. Бяцхан Сараанаг үнэхээр өрөвдөх мэдрэмж төрдөг ч, түүнийг даван туулж гарсны ачаар өнөөдрийн Сараана бүтсэн болохоор сэтгэл минь их тайван тогтуун ус шиг болсон байна. Олон хүнд үлгэр дуурайлал болж, надтай адил хар нүхэнд байсан хүмүүсийг татаж гаргасан энэ бүх үйлс минь л өдий болтол намайг урагш алхуулаад ирсэн.
5 жилийн турш ханцуйны ард нуусан тэр цусанд будагдсан хоёр гарын минь шуу, инээмсэглэлийн ард нуугдаж нулимстай өнгөрүүлсэн тэр цаг хугацаа одоо надад цэлмэг тэнгэр шиг санагдаж, сэтгэлд минь хөнгөн үүл шиг тогтож, тавиланд минь бичигдсэн даваануудын нэг гэж бодогдон, сэтгэлийн минь мухарт дурсагджээ.
Одоо ч, цаашдаа ч би өөрийгөө жишээ болгон бусдад итгэх, хайрлах, амьдрах урам зориг өгсөөр л байх болно. Энэ хүртэл гаргасан миний амьдралын бүх амжилтуудыг би үнэхээр хүртэх эрхтэй. Би энд ирэхийн тулд үнэхээр их хичээсэн болохоор хаана ч нүүр бардам, харц дээгүүр зогсох болно.
Та нар минь ч гэсэн хааяа амьсгаа аваад, өөрийн туулсан бүхнээ эргээд нэг хараарай. Сайхан дурсамжиндаа инээмсэглэл мялааж, хар дурсамжаа тавиж явуулаад, өөрийн дотоод хүүхдээ баярлуулаарай. Энэ л жижигхэн үйлдэл нэг тийм сэтгэлд өег, зүрх тослоод байгаа юм шиг аз жаргал өгдөг юм шүү. Өөртөө л хайртай байгаарай, хамгийн том захиас минь юм шүү.