26/10/2023
ЖА МОРАНТЫН УНАЛТ ⬇️ by ESPN
“Тэр анхныхаа БҮХ ОДДЫН тоглолтруу явсан, тэгэхэд л түүнийг матар залгачих шиг болсон” гэж Жа Морантын тухай Мемфис Гриззлес багийн ажилтан хэлжээ.
ESPN-ний бичсэн урт нийтлэл 2022 оны 2 сарын 18-нд Жа Морант Клевленд хотыг зорин хувийн онгоцоор явсан аялалаар эхлэв. Тэрээр Instagram Live хийж гэр бүл (эмээ нь хүртэл тэнд байсан) , дотны найз нөхөдтэйгөө хамт тэнд дэлхий дээрх хамгийн үнэтэй Текила тойруулан саагиж, шилтэй уух зүйлсээ ээлжлэн утасруугаа байн байн сарвалзуулан “Уух хороо сонгоцгоо” хэмээн наргиж явжээ.
Мемфис Гриззлес багийн дотоод хэд хэдэн эх сурвалжийн хэлснээр “Бүх Одод”-ын тэр долоо хоногт Жа Морантын хааяадаа наргидаг байсан асуудал нь амьдралынх нь салшгүй хэв маяг болж хувирсан. Тэр үеэс л түүний сахилга батгүй үйлдлүүд хурдасгуурт орж, олон дахин давтагдаж, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн байна.
Тэр Бүх Оддоос хойш 18 сарын хугацаа өнгөрч талбайн гадуурх түүний замбараагүй байдал хууль хяналтынхны хүртэл анхааралт өртөж, авъяаслаг залуу одын карьер хүндхэн байдалтай байна.
ESPN эрх мэдлийнхээ хүрээнд Жа Морантын скаутын тэмдэглэлтэй танилцаж, Murray State Коллежийн дасгалжуулагч, Өмнөд Коралина муж дахь Crestwood ахлах сургуулийн туслах, ахлах гээд олон хүмүүсийн яриаг нэр устай нь дурдахад бүгд л түүнийг NBA-д элсэхээс өмнө “Талбайн гадуур сахилга баттай.” “Тамхи татдаггүй, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, асуудал тарьдаггүй.” “Аав нь түүнд садаа болдоггүй. Харин үргэлж дэмждэг” “Тэр хөгжилтэй, удирдагч чанартай, заалны харх шиг л бэлтгэлээ хийдэг” гэсэн байна.
Түүнийг драфтын хоёроор 2019 онд сонгохоос өмнө Мэмфис Гриззлес хоёр туршлагатай скаутаа явуулсан бөгөөд тэдний мэдэгдэлд “Тэр бол бол маш сайн багийн хамтрагч, шударга, ёс зүйтэй. Түүнд тийм олон тэтгэлгийн санал ирээгүй. Тэр дутуу үнэлэгдсэн, батлах зүйл ихтэй хүүхэд. Талбайн гадуур анхаарал татахаар санаа зовох зүйл огт байхгүй.” гэсэн бол нөгөөх нь “Түүний талбай дээрх, талбайн гаднах бүх зүйлийг судаллаа. Түүний талаар муу үг хэлэх нэг ч хүнтэй таарсангүй. Тэр хожуу дэлгэрсэн сарнай л гэсэн үг. Сайн гэр бүлээс гаралтай. Бэлтгэлээ шаргуу хийдэг. Төлөв даруу. Тэр бүхий л шалгуурыг хангаж байна” гэж бичжээ.
Түүний мэргэжлийн тамирчны замнал хүн бүрийг шагшируулан, яг л скаутын хэлсэн шиг талбай дээр итгэмээргүй тоглолтоо гарган 2019-2020 оны Шилдэг Рүүкий шагналын эзэн болж, талбайн гадна ч бусдыг хүндэтгэдэг даруу нэгэн байсныг олон хүний яриагаар гэрчлэв. Аавынх нь тухайд ч хүмүүс ам сайтай байсан ч, улирлын дундуур Морант аавынхаа хамт гарч шоуддаг, тайчих барлуу ойр ойрхон явж, тоглолтын урд шөнө хүртэл ууж наргих явдал гарч байсан нь багийнхны санааг бага зэрэг зовоож эхэлсэн байна.
Амжилт нь ахисан тоглогчийн шагналын хүртсэн 2021-2022 оны улиралд Мемфис Гриззлес баг аялан тоглолтоор явах үед дээрх асуудал улам илүү даамжирч эхэлжээ. Аялан тоглолтоор тоглох газраа хоногийн өмнө очиход Морантыг дагасан бүчсэн найз нөхөд нь үргэлж л дагалдан явдаг байж. Морант тэдний байр хоол бүх зүйлийг нь дааж, маргааш нь шартчихсан багийн уулзалтуудад хоцрон ирэх нь ихэсжээ.
Гэхдээ л талбай дээр Морант цахилгаан мэт хурдалж, ганцаараа Гриззлес багийг газрын зураг дээр тодруулж байв. Гурав дахь улиралдаа гэхэд баг нь өмнө улирлаас 22-р илүү хожил авч, Морантын цагирагруу довтолсон олон довтолгоо сошиал медиад хаа саагүй байршиж байлаа.
Тэр улиралдаа Жа Морант Бүх Одод болж сонгогдсон нь Гриззлес багийн түүхэндэх ердөө хоёр дахь тохиолдол байв. Үүнээс 5 сарын дараа гэхэд баг нь түүнтэй 5 жилийн 194$ сая долларын гэрээ байгуулласан нь ч мөн багийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээ байв.
Ойролцоо хугацаад Мемфис хот Морантын доторх өөрчлөлтийг илт анзаарч эхэлсэн байна. Бүх хүнтэй сайхан харилцдаг байсан хүү олон хүмүүсийг дагуулан явж, бусадруу дайрч чичилж, хамгаалагчид, зогсоолын ажилтан, багийн арын албаныхны шүдний өвчин болж эхэлж. Мемфис хотод бүхий л олны танил, алдартай хүмүүс орж гардаг нэгэн бизнесийн эзэн Морантын талаар хэлэхдээ ажилчид нь Морант болон түүний дагалдан баясагчдыг хараад бараг нүд нь хорсдог байсан гэнэ. Хүмүүст хүндэтгэлгүй хандаж, хүний эхнэрт хүртэл хүрч, тэднийг заналхийлэх зэрэг асуудлууд тэдний дундаас гарч байж. Шөнийн амьдралд дурлаж, энэ асуудал нь хүндэрсээр буутай орооцолдсон аж. Тэр үедээ Морант багийн ерөнхий менежер, ахлах дасгалжуулагч нарын үгийг сонсох ч тэнхэлгүй байж.
2022 оны зун Морантын ээж Мемфис хотод шоппин хийж яваад нэгэн хүнтэй ам муруйтал удалгүй Жа Морант найзуудтайгаа ирж тэр хүнийг буутай сүрдүүлж, гараж дотор гар хүрсэн байна. Энэ явдлаас 7 хоногийн дараа Жа Морантын гэрт түүний найзууд насанд хүрээгүй хүүхэдтэй унтсан хэрэг үүсэж шалгагдаж эхэлсэн бол Морантын дүүгийн ахлах сургуулийнх нь Волейболын тоглолтын үеэр мөн Морант болон түүний нөхөд арван жилийн хүүхэд буутай сүрдүүлсэн явдал гарч. Эдгээр тохиолдлуудад тэд сүрдүүлэхдээ гартаа буутай байсан эсэхийг NBA шалгаж үзсэн ч ямар ч нотлох баримт олдоогүй гэнэ.
Стив Францис, Аллен Айверсон нарын талбайн гадуурх амьдрал тэдний карьерт садаа болж, урт хугацааны мэргэжлийн тамирчны замналыг нь богинохон болгосон талаар олон түүхийг хүмүүс олон талаас нь Жа Морантад анхааруулахыг хичээсэн ч, Морант ёстой илжигний чихэнд алт ч, ус ч хийсэн сэгсрэнэ гэдэг шиг үл тоомсорлосон байна. Гэхдээ нөгөө талаар Морант сүпер одын хэмжээнд талбай дээр гялалзаж байсан учраас баг нь эдгээр асуудлуудыг олон нийтээс нуугаад, дараад өнгөрөөсөн байна.
Мемфисийн нэгэн сонины сурвалжлагч “Жа Морант бол Элвис Прресслигээс хойш бидний дунд тодорсон хамгийн том од” гэж бичиж байж. “Танай багт сүпер од ирсэн бол чи чөтгөртэй гэрээ хийлээ гэсэн үг. Сүпер одтой хамт ийм зүйлс ирдэг юм” гэж өөр нэгэн нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн байна. Багийн зүгээс Моранттай хэд хэдэн удаа уулзсан ч нөхцөл байдал улам бүр дордсоор байж. Баг нь түүнтэй уулзаж анхааруулснаас долоо хоногийн дараа Хьюстон Рокетсийг аялан тоглолтоор хожсоны дараа Моранд тайчих клубт очин газар мөнгө цацан өмнөө нүцгэн хүүхэн бүжиглүүлсэн нь олон нийтэд цацагдаж шуугиан тарив. Үүнээс хоёр өдрийн дараа тэр нөгөө тайчих клубт эргэж очин гартаа буу барьж Instagram Live хийж гарчээ. Сандаралд орсон Жагийн төлөөлөгчид түүний карьерийг аврахын тулд утас цохин чадах бүх зүйлээ хийж гарав.
Цагийн дараа гэхэд Моранд сошиал хаягуудаа идэвхгүй болгон гаргасан үйлдэлдээ хариуцлага хүлээн, уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа багтайгаа Лос Анжелес явалгүй Флоридад очиж 11 өдөр хувьчилсан зөвлөгөө өгөх төв дээр байрласан гэнэ.
NBA-ын зүгээс түүнийг 8 тоглолтоор торгоход тэр аль хэдий нь 6 тоглолт өнжчихөөд байв. Удалгүй тэр талбайдаа эргэн гарч хэвлэлийн өмнө яриа өглөө. Түүнээс согтууруулах ундаа шийдвэр гаргалтанд нь нөлөөлсөн талаар асуухад “Надад архины хамаарал, элдэв асуудал байхгүй, хэзээ ч байгаагүй” гэж өөрийгөө илт өмөөрчээ. Мөн түүний хамт явсан хүмүүс нь буутай холбоотой хэрэгт холбогдсон бөгөөд энэ асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагтай эсэхийг асуухад “Үгүй. Тэгэх шаардлаггүй” гэж хариулсан юм байна.
Түүнийг Флоридагаас ирэхэд баг нь халаалтан дээр үргэлж тавьдаг Tripple Redd-ын “psycho” дуу болох мөнгөний араас хөөцөлдөж, улаан вино шимэх тухай дууг хүртэл сольсон байж. Учир нь тэр дуун дээр Морант тайчих клубт мөнгө цацчихаас саагиж байсан юм байна.
Жо Марант драфтлгадсан өдрөөс долоо хоногийн дараа аав нь Мемфис хотод нүүн ирж, хүүгийхээ сүүдэр доор VIP арга хэмжээнүүдэд оролцож, үргэлж шөнийн клубын үдэшлэг хэсэж, телевизийнхний анхааралд өртөх дуртай байв. Тэрээр NFL-ын тоглогч асан Shannon Sharpe-тай тоглолтын үеэр хэд хэдэн удаа маргаж, олны анхааралд өртөж байсан юм. Багийн нэг хүн “Жа-гийн аав Тее Морант энэ бүхний ард түлхэх хүч нь байсан юм” гэж хэлэхдээ “Тее Морант өөрөө NBA-д орж чадаагүй. Гэхдээ хүүгээрээ дамжин NBA-ийн сүпер од шиг амьдрах боломж түүнд гарсан нь энэ юм. Энэ бүх зүйл эхнээсээ л асуудал байсан” гэж ярьсан байна.
Анхны буутай live-аас 10 долоо хоногийн дараа Жа Морант найзын хамт Instagram live хийчихсэн, дарвиж байх үед нь найз нь түүнрүү камераа чиглүүлэхэд Морант гартаа буу барьчихсан байсныг Лайв үзэж байсан хүн бүр харав. Удалгүй найз нь бичлэгээ устгасанч Гриззлесийн зүгээс Морантыг багийн арга хэмжээнд тодорхой хугацаанд оролцуулахгүй болсныг мэдэгдэж, өнгөрөгч зун 6 сарын 16-нд NBA-ийн зүгээс түүнийг 25 тоглолотоор торгохоо мэдэгдсэн юм.
Үүний дараа Морант “Намайг даган дууриадаг хүүхдүүдэд хандаж хэлэхэд сайн үлгэр жишээ байж чадаагүйдээ би уучлалт хүсэж байна. Би илүү сайн байна гэдгээ амлаж байна. Миний төлөөлдөг бүхий л брендүүдэд би мөн илүү сайнаар хичээх болно гэдгээ хэлэхийг хүсэж байна. Бүхий л фэнүүдийнхээ итгэлийг би дахин олж авахаа амлаж байна” гэсэн юм.
Мемфис хот өөрөө гэмт хэргийн гаралтаараа 1995 оноос хойш хамгийн өндөр байгаа бөгөөд түүний гаргасан үйлдэлд хотын хүмүүс сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлэн, NBA-с өгсөн 25 тоглолтын шийтгэлийг хангалтгүй гэж хэлэх хүмүүс ч байв.
Жа Морантын байгуулсан 5 жилийн 194$ сая долларын гэрээ энэ улирлаас эхэлж байгаа билээ. Одоогоор тэр багаас тавьсан шаардлагыг биелүүлэн багтайгаа нэгдэн багийн арга хэмжээ, бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Харин түүний ирээдүй хэрхэн эсэх нь түүний өөрийнх нь гарт байна.
Дээрх нийтлэлээс бид ‘чиний дэргэд хэн байж, чи хэнээр хүрээлүүлж байгаа нь чамайг хэлбэржүүлдэг’ гэдгийг харж болно. Авъяас чадварыг сахилга бат, даруу байдал улам илүү гялтгануулах юм даа.
Mr Mo