14/05/2023
Цонхоороо өнгийж нэг ширтэв. Машинууд цуварсаар, амралтын өдөр болохоор цаанаа л нэг амар амгалан мэдрэгдэнэ. Ганц хоёр хүн тэнд алхаж явахыг хараад гараад хаашаа ч хамаагүй, харсан зүг рүүгээ, юу ч хамаагүй бодон, бодон намуухан гэгч нь салхийг мэдрээд алхмаар санагдав.
Хүн бүрийн өнгө өөр, өөр юм.
Хүний аясаар, цайлган зөөлөн сэтгэлтэй хүмүүсийг би цагаан өнгөөр дүрсэлье. Хэнийг ч өөрийнхөө хажууд тухтай байлгаж чаддаг, сайхан энергитэй, хамт байгаад л баймаар нэгнийг шар өнгө гэе.
Зөвхөн өөрийнхөөрөө, гагцхүү хэлдэг үгс нь “Би, би”, хүнийг хайрлах, энэрэх ухаангүй, хайрлуулах чин хүсэлтэй хүмүүсийг улаан гэх нь зөв биз.
Ааштай, ууртай, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чадваргүй, үргэлж өөрийнх нь зөв мэт боддог болохоор буруугаа бусдад үүрүүлж, тулгадаг тийм өөдгүй хүмүүсийг би хар ногоон гэвэл ямар вэ?
Хөгжилтэй, ухаалаг, үг яриа сонсууштай, цаанаа нэг сайхан амар амгаланг мэдрүүлдэг, илүү дутуу зан, маяггүй тэднийг би цэнхэр гэмээр байна.
Хүүхэд шиг гэнэн гэмээнэ үг яриа намдуухан, алхаа гишгээ аядуухан, хөгжим шиг хүн байдаг даа. Түүнийг бүдэг ягаан гэвэл болох юм шиг ээ.
Харин хэн ч нүд унагам, үзэсгэлэнтэй гэхэд дэндүү, гоо сайхан нь ямар ч хүнийг уяраам сайхан охид түм бумаараа оршдог ч ухаан нь зуны шөнө шиг богино охиныг нил ягаан гэх үү?
Хүнийг хорлож, сүйтгэж явдаг, гай нь таарсан хүн очиж нийлэм, урьд насандаа ямар нүгэл хийсэн болоод ийм бузрын чөтгөр лугаа адил байдаг байна аа гэмээр тамын амьтдыг хар гээд хэлчихье.
Ингээд зөндөө бодлоо, би. Би яг аль нь юм бэ гээд. Гэхдээ аль нь ч би биш байлаа. Би яг хэн бэ…санаагаа чилээж, дэндүү их бодлоо. Сайн, муу хоршиж байдаг өнгөний зохицол нь би юм болов уу? Ухаан, мунхаг хоёр минь нэгэн цагт оршиж байдаг ухамсарын хослол нь би юм болов уу?
Солонгын 7 өнгө гэвэл яг би болж таарлаа. Намайг хэн аль өнгөөр харахыг хүснэ, тэр өнгө нь миний дотор байдаг юм байна.
🎟