03/06/2025
Такаши Мураками
Мураками 1962 оны 2-р сарын 1-нд төрсөн Японы орчин үеийн уран бүтээлч.
Японы уламжлалт уран зураг, шинжлэх ухааны уран зөгнөлт, аниме болон дэлхийн урлагийн зах зээлээс сэдэвлэн уран зураг, уран баримал, кино олон дахин давтагдах хээ, хувьсах дүрүүд бүтээдэг. Түүний өргөн цар хүрээтэй ажил нь поп соёл, түүх, дүрслэх урлагийн олон талт хэв шинжийг агуулдаг. Такаши Мураками Токиогийн Урлагийн Их Сургуульд бакалавр, докторын зэрэг хамгаалж, нихонга буюу Японы уламжлалт уран зураг урлагт суралцсан. 1996 онд тэрээр Хиропон гэх үйлдвэрийг байгуулж, дараагийн жилүүдэд урлагийн үйлдвэрлэл, уран бүтээлчдийн менежментийн компани болж өргөжин тэлсээр Кайкай Кики ХХК-ыг байгуулжээ.
1990-ээд оны эхэн үеэс Мураками Япон, Европ, АНУ-ын алдартай хүүхэлдэйн кинонуудын дүрүүдийг зохиосон бөгөөд янз бүрийн анимэ баатрууд, инээмсэглэж буй цэцэг, баавгай, арслан гээд олон янзын дүр бүтээжээ. Эдгээр дүрс нь хүчирхийлэл, технологи, уран зөгнөл зэрэг илүү төвөгтэй сэдвүүдийн хүрээнд зурагдах боловч, бэлгэдлийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
2000 онд Мураками Японы дүрслэх урлагийн янз бүрийн талыг нэгтгэсэн уран бүтээлчдийн бүтээлүүдийг харуулсан “Superflat” үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнгээрээ Мураками дэлхийн 2-р дайн ба түүнээс хойшхи үеийн орчин цагийн соёлыг харуулахуйц Японы дүрслэх урлагийг илүү онцлон харуулжээ.
Муракамигийн ажил нь тоглоом, түлхүүрийн оосор, подволк зэрэг олноор үйлдвэрлэгдсэн эд зүйлсийг хамардаг. 2002 онд тэрээр Марк Жейкобстой Louis Vuitton монограмм буюу чөлөөт загварыг дахин бүтээх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн үүнийгээ ч хийж хэрэгжүүлж чадсан. Муракамигийн дүрслэл нь урьд өмнө хэзээ ч байгаагүй дүр төрх, хэлбэр дүрстэй мэт харагдах ч олонх нь урлагийн түүхийн тодорхой ишлэлүүдийг агуулдаг бөгөөд зарим нь бүр Японы уламжлалт бүтээлүүд дээр орчин үеийн дүрийг шингээж өгсөн ч бий.
Мураками уран бүтээлийнхээ өөр өөр цаг хугацаа, хэв маяг, сэдвийг нэгтгээд зогсохгүй урлагт хандах хандлага нь галерей, студи, урлагийн үзэсгэлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хил хязгаарыг давж чадсан. Уран зураг, баримал урлахын зэрэгцээ шинээр гарч ирж буй уран бүтээлчдэд зориулсан урлагийн үзэсгэлэн зохион байгуулж, олон дүр, хээ угалзыг харуулсан кино ч хийсэн. Уран зөгнөл, шинжлэх ухаан, түүхийг хослуулан тэрээр эдгээр ангилалын алийг нь ч тус тусад нь авч үзэх боломжгүй гэдгийг хүн төрлөхтөнд таниулж байгаа билээ.