22/07/2021
Сайн байцгаана уу? Хэсэгхэн хугацаанд уулзалдсангүй. "Итгэл " гээд бяцхаан Өгүүллэг бичиж та бүхнээс магтаал, урамшуулал, шүүмж сонсож Маш том урам зориг авч хэд хэдэн өгүүллэг бичлээ. Тэр дундаас "СОНДОР" өгүллэгээ хүргэхээр шийдлээ.Санал шүүмжээ харамгүй илгээгээрэй 🙏🥰🤓
#СОНДОР #
Өнөөдөр мартын 8 эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ганц бие гозон толгой над шиг эрд мэнд хүргэчих эмэгтэй хүн санаанд орсонгүй . Гэхдээ л бүх нийтийн баяр юм шиг л гэгэлзээд байх чинь. Ядаж амралтын өдөр учраас хийх ч зүйл алга, гэртээ дэмий хэвтэж байхаар гарч ганц нэг пиво уунгаа аятайхан бүсгүйтэй таарч баярыг нь хамт тэмдэглэх боломж гарах ч юм билүү. Гайгүй хэдэн хувцасаа шилж өмсөөд цэмбийсэн амьтан гараад өглөө. Нээг их холдоод яах вэ гэж бодоод гэрийнхээ ойролцоо нэг аятайхан кафед тухалж авлаа. Одоохондоо хүн цөөхөн байгаа болохоор жаахан тэвчээртэй хүлээхээр шийдэж ганц шил шар айраг захиалаад сууж байтал тэртээ булангийн ширээнд хар шил зүүж саравчтай малгай дарж өмссөн ч аятайхан биетэй гэмээр бүсгүй ганцаараа нэг шил хатуу юм урдаа тавьчихсан сууж байх юм. За энэ ч нөхөр юмуу, найз залуудаа гомдоод л баярынхаа өдөрөөр ганцаардалаа тайлж суугаа болж таарлаа даа. Аятайхан яриа өдөөд сэтгэлийг нь сэргээчихвэл ч азын тэнгэр ойрхон байна даа...гэсэн шүү юм бодоод шилтэй шар айргаа барин хажууд нь дөхөж очоод
-Баярын мэнд хүргье, ийм сайхан бүсгүй баярынхаа өдөр ганцаараа яасан уйтгартай суух юм бэ?хажууд чинь хань болоод суувал дургүйцэхгүй биз дээ?
-Баярлалаа гэхдээ өнөөдөр баярын өдөр шиг санагдахгүй л байна шүү. Суувал суу л даа. Гэхдээ би эрчүүдийн илүү дутуу занд дургүй шүү.
-Надад итгэж болноо, та их ганцаардсан харагдаж байна. Миний хувьд ч тийм ч сайхан өдөр биш л байна, намайг Золбоо гэдэг. Харин таны нэрийг мэдэж болох уу?
-Сондор, танилцахад таатай байна. Би хатуу юм ууж байна, чи татгалзахгүй юм байгаа биз дээ?
-Хаанаас даа нэгэнт ханьтай болсон юм чинь буцахгүй шүү. Харин би таныг юугаар дайлах вэ?
-Даадаг юм бол дахиад нэгийг захиалчих.
-Хэхэ таныг л драм дээр гардаг шиг үүрч гарах хэрэг гарах вий дээ.
-Харж л байя, залуу тэгээд өөрийгөө танилцуулаач.
-Золбоо, 28 настай, сэтгүүлч мэргэжилтэй одоогоор ганц бие. Сэтгэл судлалаар мэргэшиж байгаа. Харин таны тухай?
-Сэтгүүлч, бас сэтгэл судлаач. Ийм хүнд өөрийгөө танилцуулах хэрэг байна уу даа? Та өөрөө бараг олоод, таагаад мэдчих юм бишүү.
-Далдыг хардаг далай лам биш дээ, та царайгаа нуусан шигээ дотроо их нууцлаг хүн шиг байна. Та царайгаа харуулахгүй юмуу? Хоолойг чинь сонсоход та ч царайлаг бүсгүй байхаа.
-Эрчүүд та нар царай зүс, бие хаа харахаас эмэгтэй хүний дотоод сэтгэлийг ойлгодог биш дээ. Надад ч нуугаад байх сайхан царай байхгүйээ, зүгээр л өөрийгөө бүхнээс тусгаарлаж, ганцаараа байгаа гэж мэдэрхийг л хүссэн юм.
-Та ч үнэхээр нууцлаг хүн юм, улам сонирхол татаад байх чинь.
-Золбоо, би чамд итгэж болох уу?
-Мэдээж, би чинь үнэний төлөө явдаг сэтгүүлч, хүний сэтгэлийг таних гэж суралцаж яваа сэтгэл зүйч хүн шүү дээ.
-Тэгвэл хоёулаа нэг газар ороод тухтай ярилцах уу? Чамд үзүүлэх юм ч байна.
-Тэгье, энэ урдахаа татчихаад гарцгаах уу?
Золбоо багахан халамцсан хэдий ч нууцлаг хирнээ аятайхан бүсгүй хөтлөөд гарсандаа сэтгэл хангалуун алхаж явлаа. Золбоо
-Ингэхэд хоёулаа хаачих гэж байгаа билээ?
-Ойрхон нэг газар байгаа тэнд тухтай сайхан танилцая гээд бүсгүй инээв.
Өнөөдөр ямар ч байсан хоосон хонохгүй нь бололтой, багахан ууж ухаантай үздэг юм шүү гэж Золбоо бодонгоо, нөгөө сэгсэрдэг нөхдүүд биш байгаа. Халаасан дахь бүх зүйлээ нэг бүрчлэн бүртгээд энгэрийн цахилгаантай халаасандаа хийн түгжиж авлаа.
Бүсгүй Золбоог дагуулан “Сансар” гэх 4 давхар зочид буудалын 4 давхарт хамгийн мухрын 404 дугаартай өрөөнд дагуулан орлоо.
Золбоо Японд хэдэн жил сурч амьдарч байсныг хэлэх үү, Япончуудын адил
4-ийн тоонд тийм ч дуртай биш. Учир нь 4-ийн тоо үхэл гэдэг үгтэй адил утгатай аж. За тэр ч яахав ямар Япон биш, гэхдээ л энэ буудал тэр тусмаа энэ өрөө нэг л тийм хөндий хүйтэн санагдаад байв. Уг нь тохижилт энэ тэр нь аргагүй л люкс өрөө юм. За сайхан тухтайхан сууж байгаад танилцацгаая гээд авч ирсэн зүйлсээ ширээ дүүргэн өрлөө.
-Сондороо чи наад малгай, шилээ тайлахгүй юмуу? гэхэд
-Арай болоогүйээ, эхлээд нэг тулгачихая, халамцуу хүний нүдэнд ямар ч эмэгтэй сайхан харагддаг гээ биздээ? гээд Сондорыг айлгүйтэхэд
Бие нь аятайхан ч царай нь явахгүй юм байна даа, гэсэн шүү юм бодоод
-За тэгье сайхан танилцсаны төлөө, бас МАРТ 8–ны мэнд.
-Монголын ёс 3 шүү.
Гурав татсаны дараа Золбоогийн толгой манаран зүүдлээд ч байх шиг, хөвөөд ч байх шиг. Нэг мэдсэн Сондор түүний дээр гарчихсан үнсэж байх юм. Золбоо ч өөдөөс нь шунамхайран үнсэж эхэллээ. Ид сайхан мансуурч байгаад нүдээ нээн хартал, ээ бурхан минь үс гэзэг нь сэгсийсэн, нүд нь час улаанаар эргэлдэж , нүүр ам нь танигдахын аргагүй цусанд будагдсан аймшигийн амьтан дээр нь суучихсан хоолойг нь багалзуурдан
-Чи намайг алсан, чи л намайг алсан, эрчүүд та нар бүгд адилхан алуурчид.
Хэмээн аймшигтай хахирган хоолойгоор хашгирч байлаа. Золбоо сүнс нь зайлах шахсан ч хамаг хүчээ шавхан ноцолдсоор өндийтөл хар дарсан зүүднээсээ сэрэх нь тэр. Хамаг хар хөлс нь цувчихсан чичирсэн амьтан эргэн тойрноо нэгжин харвал Сондор алга.
Аа новш тасарчихсан байна ш дээ. Уг нь их уугаагүй дээ, иймхэн юманд ингэтлээ тасарч үзээгүй юмсан. Нөгөө сэгсэрдэг новшнууд уух юманд нойрны эм хольдог гэсэн, гээд халаасаа нэгжин үзтэл бүх юм нь бүрэн хэтэвчин дэх мөнгө нь сохор зоос ч дутаагүй байлаа. Ээ арчаагүй новш намайг тасарчихаар л Сондор уурлаад явчихаж дээ юу ч гэсэн үйлчлэгчээс асууя гэж бодоод 1 давхарт буун
-Эгчээ би 404-т орсон хүн байнаа, надтай хамт орсон бүсгүй хэзээ явчихав?
-Юу? Чи ганцаараа л орж ирсэн шүү дээ. Ганцаараа юм чинь нэг ортой өрөөнд орох уу? Гэхэд , үгүйээ заавал 404-т орно гэсээр байгаад л орсон.
-За та худлаа тоглоод л, би эрүүл байсан шүү дээ.
-Би юу гэж худлаа хэлэх вэ дээ, худлаа гэвэл камер шүүж үзэхгүй юу гээд бичлэг ухраан үзүүллээ.
Золбоо нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр тэр ганцаараа тор дүүрэн юм барьчихсан орж байх юм. Яалтчгүй Сондор бид хоёр 3,3 татсан даа гэж бодоод өрөөндөө гүйн орж харвал шилтэй архи нь бүтнээрээ задлаачгүй байж байх юм. Бурхан минь юу болоод байнаа? Өдрийн жаахан уусан юмандаа арай солиорч байгаан биш биз дээ?.
За за одоо ганц 100 татчихвал гайгүй болчих байх, жаахан тайвширья гэж бодоод, стакан дүүргэж байгаад нэг татчихлаа. Сэтгэл нь овоо тайвширч нойр хүрэх шинжтэй. Нэг мэдсэн нам унтчихаж. Зэрвэсхэн сэргээд эргэтэл хажуу талын орон дээр нэг том гүзээтэй эр нэгэн бүсгүйг нүүр нүдгүй зодон, чиний дээшлэх доошлоох чинь надаас л шалтгаална шүү, хэн чамайг өдий болгосон билээ?, хэн үхэх гэж байгаа охины чинь эмчилгээний төлбөрийг төлж байна? Чамд надад татгалзах эрх байхгүй шүү хэмээн хүчирхийлж эхэллээ. Бүсгүй уйлаад л байх юм.
-Хөөш энд юу болоод байна? Новш минь чи болиоч гэж гуйвлан өндийтөл өрөөнд надаас өөр хэн ч байсангүй.
Хамаг уусан архи гарч , нурууны шар үс босох шиг болж өөрийн эрхгүй
“Би галзуурч байна” гэсэн бодол төрлөө.
Ашгүй үүр цайж байна. Бушуухан энэ хараал идсэн газраас гарья гэж бодоод 1 давхар руу буун
-Эгчээ би гарлаа тооцоогоо хийе.
-Аан за, тооцоог чинь түрүүхэн нэг бүсгүй ирээд хийчихсэн шүү дээ. Чамайг яриарай гээд утасны дугаараа үлдээсэн. Энэ гээд нэгэн цаас өглөө.
Хэн байдаг билээ? Намайг энд хоносныг хүн мэдээгүй баймаар юм. Юу л болоод байна даа? Гэж бодоод өнөө цаасыг нь яаран дэлгэвэл
“Сайхан амарсан уу? Их гайхсан уу? Би чамд үзүүлэх юм байна гэж хэлж байсандаа. Ямар нэг юм санав уу? Надруу залгаарай 9404.... Сондор ”
Чөтгөр гэж хэн нэг нь надаар тоглоод л байна даа, за яахав чамайг олноо.
9404....рүү залгаж байна.
-Уучлаарай таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.Та дугаараа шалгаад дахин залгана уу!
Тэгж л таарна. За за харьж сайхан усанд орчихоод учрыг нь олно доо.
Хүйтэн шүршүүрт орчихоод гарч иртэл утас нь дуугарч байна. Утсаа хартал, юу вэ? Түрүүхэн залгахад ашиглалтанд байхгүй байсан Сондорын дугаар байх юм. Яаран автал, эмэгтэй хүний сөөнгөдүү хоолойгоор
-Би чамд итгэж болно биздээ? Чи нэг зүйлийг эргэн санах хэрэгтэй.
Яг жилийн өмнө МАРТ 8 – ны өдөр нэгэн бүсгүй чиний хоносон буудалын өрөөнд амиа хорлосон. Санах хэрэгтэй, санах хэрэгтэй !!!... дүүд дүүд. Утас тасарлаа.
Сондороо байна уу?Сондороо чи яг хэн юм бэ? надаас юу хүсээд байгаа юм бэ?
Яаран эргээд залгатал
-Уучлаарай таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.Та дугаараа шалгаад дахин залгана уу!
Золбоо яах учрааа олсонгүй. Юу гээч нь болоод байна даа? Нээрээ намайг юу санах хэрэгтэй гээд байлаа.
Тиймээ санаж эхэлж байна.
Жилийн өмнө нэгэн бүсгүй над дээр ирж уулзан компанийхаа захиралд зэрлэгээр зодуулан хүчирхийлүүлсэн тухайгаа ярьж, энэ хэргийг нь цагдаа сэргийлэхийнхэн огт тоохгүй, хөдлөхгүй байгаа учир надаас өөр охид бүсгүйчүүд ийм байдалд орж бие сэтгэлээрээ хохирох вий гэсэндээ өөрийнхөө нэр төрийг ч үл тоон сэтгүүлчдэд хандахаар шийдэж тань дээр ирлээ гэж билээ. Бүсгүйн яриа сэтгэлийг минь ихэд хөндөж энэхүү хэргийг би сурвалжлан үнэнийг олохоор шинэхэн сэтгүүлчийн эр зориг, эрч хүчээр дүүрэн бүх л нүх сүв, учир зангилааг хайн бараг л хэргийн үнэн мөнийг олоод бөөн сенсаци тарина хэмээн төлөвлөж хохирогч бүсгүйтэй уулзан нотлох баримт ,гэрчүүд олдсон удахгүй нэр төрийг нь сэргээж , хэрэгтэнд зохих шийтгэлийг нь оноолгох болно хэмээн сэтгэлд нь итгэл бадраагаад явсан билээ. Бөөн баяр хөөр болсон амьтан гэртээ орохын үед араас гэнэтхэн хэдэн булиа залуус дайран орж ирээд үг сүггүй зодож ,зодож өндийлгөж суулгаад
-За муу өт минь чи бидэнд жижигдэнэ шүү. Хэрэггүй юманд хошуугаа дүрж, хирээ мэдэхгүй арвалзаж байж наад утсан чинээ улаан аминаасаа салав даа!
Эсвэл хэнд ч хэрэггүй хөгжлийн бэрхшээлтэй болж , насан туршдаа хүний гар харж амьдрах уу?
-Та нар юу хүсээд байгаа юм бэ? Надад мөнгө гэх юм байхгүй шүү дээ.
-Аан мөнгөгүй гэнээ, одоо харин мөнгөтэй болж болно ш дээ. Залуу хүн байна даа сайхан жавхаатай амьдар. Нарги цэнгэ, сайхан унаа уна. Чи л хүсвэл яг одоо чамд энэ бүхнийг өгч болно шүү.
-Тэгээд би яах ёстой юм бэ?
-Чи өөрөө мэдэж байгаа.Чиний хөөцөлдөөд байгаа наад хэрэг чинь угаасаа замхарсан , нотлох баримт ч байхгүй. Одоо наадахаа хөөцөлдөхөө зогсоогоод
шинээр амьдарвал болох нь тэр. Сонголт чиний гарт л байна. Энэ 10 сая төгрөг, бас шинэхэн унаа чинь гадаа хүлээж байгаа гээд нэгэн түлхүүр шидэж өглөө.
-Аан бас тэр хохирогч гээд байгаа хүүхний тухай олон нийтэд хар PR сайн хийж аль болох олон суваг сүлжээгээр тараах хэрэгтэй. Үүнийг чи надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа, чи чинь мэргэжлийн хүн биз дээ? Ха ха
-Харин эргэж буцах юм бол хэнд ч мэдэгдэхгүй утаа болно гэдгээ санаж яваарай.
Тиймээ, хэдий би жинхэнэ өөрөөсөө урвасан хэдий ч залуу хүний хүсэл болсон сайхан төмөр хүлэгтэй ч болж, энэ бүхнийг мартах гэж сар шахам шоудаж, баян хүний дүрд тоглож билээ. Гэхдээ энэ бүхэн надад өчүүхэн ч аз жаргал өгөөгүй ээ.
Энэ үед бүхий л Сошиал сүлжээ , телевизийн сувгаар “Биеэ үнэлэгч нар мөнгөтэй, нэртэй хүмүүсийг урхидаж гэр бүлийг нь шантаажлах, хүчиндүүлсэн хэмээн ихээхэн хэмжээний мөнгө нэхэх явдал газар авсаар байна ” гэсэн мэдээлэл зай завсаргүй цацагдаж, тэр тусмаа Сондор бүсгүйгээр жишээ аван
олон нийтийг жигшин зэвүүцэхэд хүргэж байлаа.
Нэг л өглөө Сондор бүсгүй нэгэн зочид буудлын өрөөнд амиа хорлосон тухай аймшигтай бөгөөд харамсалтай мэдээ сонсоод энэ бүхний буруутан зөвхөн би гэж бодохоос өөрөө ч амиа хорломоор санагдаж билээ. Гэхдээ алдаагаа засаж хөөрхий бүсгүйн сүнсийг амрааж уучлал гуйхын тулд дахиж эхлэхээр шийдсэн ч хэрэг болсон өдөрийн камерийн бичлэг устаж буудалын эзэн нь ч солигдож , ганц гэрч болох үйлчлэгч эгчийн гэр хаа нэгтээ нүүн бүх л зам мөр баларсан байсан юм. Хөөрхий Сондор ийм их гомдол тээж энэ дэлхийгээс жам бусаар одсон болохоор сүнс нь амарч чадахгүй эцсийн найдвар байсан надад хүний дүрээр хандаж , тусламж хүсэж ирж дээ. Би чамд яаж туслах вэ?
Над дээр дахин ирээд болсон явдалыг яриад, юу хийх, яах ёстойг минь хэлээд өгдөг ч болоосой. Золбоог ийнхүү аймшигт, гунигт бодолд дарагдан гөлрөн сууж байтал гар утасны хонх цочтол чанга гэгч нь дуугарав.
Сондор...Сондор
-Байна уу? Сондороо чи намайг үнэхээр уучлаарай.
-Чи бүхнийг санасан уу?
-Тиймээ би нэг өдөр ч мартаж байгаагүй. Нэг шөнө ч тайван унтаж чаддаггүй байлаа. Одоо харин алдаагаа засахад минь чи туслаач.Би юу хийх ёстой вэ?
-Би чамд гомдоогүйээ учир нь би чиний дотор хүнийг сайн мэднэ. Надад хоёрхон хүсэлт байна.
-Болноо болно хэл л дээ би бүхнийг хийнэ.
-Эхлээд тэр муу гаж донтонд тохирсон шийтгэлийг нь оноож нэрийг минь цэвэрлэх, дараагийнх нь ... за сүүлд хэлье.
-Амлаж байна, би заавал хийнээ.
-Нэг зүйлийг чи мэдэх хэрэгтэй чиний хоносон тэр “Сансар” зочид буудал чинь өрөө болгондоо нууц камертай. Учир нь буудалд орсон хүмүүс ямар л үйлдэл хийдэг билээ тэр бүхнийг нь бичиж аваад дараа нь нууц бичлэгээр нь дарамтлах , зарим бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд зарах, насанд хүрээгүй охидыг хуурч авчиран хүчирхийлж, уг бичлэгээр нь айлган сүрдүүлж мөнгө нэхэх гэх мэт бохир ажлыг хийдэг юм. Чи тэр бичлэгтэй дискнүүдийг олж авч чадвал олон хүмүүсийн амь амьдрал, нэр төрийг аварч тэр гаж донтонгуудыг илчилж чадна.
-Ийм юм гэж бас байдаг аа? За би заавал чадах болно.
-Би чамд итгэж байна.
Дийд дийд ... утас тасрав.
Золбоо шөнөжин яах тухайгаа бодон эргэж хөрвөөсөөр үүр цайлгав.
Маргааш нь
-Байна уу? Сайнуу Доржоо ахаа та дүүдээ 570 –аа хоёрхон цаг унуулчихаач, дүү нь нэг найздаа жаахан гангарч харагдах гээдээ, хол явахгүй... За баярлалаа агаа одоо очоод авчихая, ачийг нь мартахгүйээ.
-Сайн уу? Зулаа ахын дүү ахдаа нэг тус болооч хоёрхон цаг л зарцуулчих ах нь шагнана шүү, оюутан хүнд мөнгө хэрэгтэй л биздээ.
Сүүлийн үеийн LEXUS 570 унасан, гунхсан царайлаг охин дагуулсан Золбоо “Сансар ” зочид буудалын өмнө зогслоо. Угтагч нь яаран хаалга онгойлгож, үйлчлэгч бүсгүй
-Хосууд ямар өрөөнд орох вэ? Хосуудад зориулсан үнэхээр тансаг ВИП өрөөнүүд байгаа шүү хэмээн наалинхайтаж байлаа.
-Хамгийн үнэтэй өрөөнд чинь л ормоор байна.
-Жинхэнэ хайр ийм л хүчтэй дээ хэмээн үйлчлэгч бүсгүй Зулаа руу нүд ирмэн долигонож байна.
Бас л Дөрвөн давхарт, гэхдээ 401 тоот өрөө. Үнэхээр л тансаг юм. Зулаа ч миний хэлсэнчлэн гадуур хувцасаа тайлан +18 дэлгүүрээс авсан дотуур хувцастайгаа тачаангуй нь аргагүй бүжиглэж эхэллээ. Энэ үед би орны байрлалыг өөрчилж эсрэг тал руу нь шахаж тавилаа. Төд удалгүй хаалга зөөлхөн тогшиж
-Уучлаарай, өрөөний үйлчилгээ. Танай өрөөний агааржуулалт ажиллахгүй байна, шалгах хэрэгтэй байна.
-Өө тэг тэг гээд Золбоо хаалга тайлахад, #Инженер техникийн алба # гэсэн хувцастай залуу орж ирлээ.
Орж ирсэн залуу ч агааржуулалтын тагийг онгойлгон юм засаж байгаа дүртэй нууц камераа орлуу эргүүлэхийг нүдний булангаар харж амжлаа.
-За болчихлоо, сайхан амраарай гээд гарах гэхэд нь
-Нээрээ та ОО- н өрөөний усыг үзээд өгөөч гээд ОО –н өрөө рүү оронгуут шилэн хүзүүн дундуур нь бэлдэж ирсэн бороохойгоор буулгаад авлаа. Залуу ч газар тэрий хадаад өглөө. Тэгмэгц нь гадуур хувцасыг нь тайлж өмсөөд, амыг нь скочдоод хүлж орхив.
-За Зулаа ахын дүү хэн ч ирсэн хаалга онгойлгож болохгүй шүү, ах нь өөрөө онгойлгож орж ирнэ гээд гарлаа.
Сондорын хэлсэнчлэн Б1 давхарт байх техникийн өрөө рүү шатаар уруудан орлоо. Бас чипээр онгойдог байх нь. Азаар халаасанд нь чип нь байнаа.
Бурхан минь өрөөнд кино үзвэрийн газар гэлтэй олон дэлгэц, дуу дүрсний тоног төхөөрөмж дүүрэн байх юм. Нэгэн шүүгээнд он оноор,өрөө өрөөгөөр нь ялгаад тэмдэглэсэн хард диск дүүрэн байна.
2019.03.18 #404 гэсэн хард дискийг холбож үзлээ.
Үнэн байна, Сондороо чи мөн байна. Цааш нь үзэхийг хүссэнгүй.
-Байна уу? Сэтгүүлч Золбоо байна. Ахмадаа таны хайгаад байсан зүйлийг би оллоо, та яг одоо “Сансар ” зочид буудалд хүрээд ирээч.
Бага насны охидыг айлган сүрдүүлж хүчирхийлэн , үйлчлүүлэгчдийнхээ бичлэгийг нууцаар хийж дарамтлан мөнгө нэхдэг, хүн амины хэргийг нуун далдалсан олон бусармаг үйлдлийг хийдэг нууц бүлгийг илрүүллээ.... компаний захирал М нь хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдлоо, талийгаач Сондор үнэний төлөө амиа золиосолжээ ... гэх мэт мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Золбоо харин нэг л дуудлага хүлээсээр.
Дуудлага ирлээ.
-Сондор уу?
-Чамд баярлалаа. Чамайг чадна гэдгийг мэдэж байсан юм. Одоо надад ганцхан хүсэл үлдлээ.
-Тиймээ би чадна.
-Надад үргэлжлэл минь болон үлдсэн охин минь байгаа. Золбоогийн Амин-Эрдэнэ гэдэг юм, 5хан настай. Охин минь одоо ... асрамжийн газар байгаа, охиныг минь чи дэргэдээ аваач. Чамайг телевизээр гарах болгонд л энэ миний аав тиймээ? Гээд л байдаг байсан юм. Чи намайг санахгүй байгаа байх л даа.Би танай доод ангид сурдаг байсан Сондор байна.
Тиймээ би дахиад л санаж байна. Ангийн хөвгүүд хэн нь түрүүлж 1-р курсын охидыг найрах вэ гэж мөрий тависан юм. Дөнгөж хөдөөнөөс орж ирсэн чи надад таалагдаагүй ч мөрийгөө авахын тулд би чамайг эргүүлж эхэлсэн. Гэнэн хонгор хүүхдээрээ шахуу чи минь надад итгэсээн. Тэр нэг танилцах үдэшлэгийн дараа, тэр зүйл болсоны дараа л би чамайг мартсан. Би мөрийгөө авсаан. Чи надтай уулзах гэж олон удаа оролдож байсныг,надад нэг зүйл хэлэх гээд чадахгүй байсныг чинь санаж байна. Ангийн хөвгүүддээ чамтай яасан тухайгаа ярин инээлдэж байхдаа би маш том мөрийгөө алдаж байжээ. Чи удалгүй сургууль дээр ирэхээ больсон. Би ч чамайг үгүйлээгүй. Гэхдээ бүүр хожим ангийн хүүхдээсээ чамайг надтай усны дусал мэт адилхан охин хөтөлсөн явж байна гэхийг сонсоод яагаад ч юм уулзмаар санагдаж байсан юм шүү.
-Сондор минь намайгаа уучлаарай, чамайгаа хайрлаж хамгаалж чадаагүй ч үргэлжлэл чинь болсон Амин-Эрдэнийгээ эцгийн хайраар дутаахгүйээ амлаж байна.
-Чи чаднаа би чамд үргэлж итгэдэг байсан юм шүү. За одоо охин дээрээ оч доо. Та хоёрыгоо хамт байхыг хараад аз жаргалтайгаар явья даа.
-Сайн байна уу? Би Амин-Эрдэнийн аав Золбоо байна. Охиноо авахаар ирлээ.
-Сайн, сайн байна уу? манай Амина таныг байнга ярьдаг юм. Үргэлж л зурагт үзээд суучихна.Энэ манай аав , удахгүй намайг ирж авна гээд л ...
Аавааа ... гэх бяцхан охины дуу тэр холоос цуурайтахад, тэнгэрт нэгэн шинэ од Сондор мэт тодоос тод гэрэлтэн анивчив.